Үржиншаддүвлин хийд
Цэс

Бидний тухай

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая

Хутагт багш Оолойн Тагарваа

Хутагт багш Оолойн Тагарваа

Үүсгэн байгуулалт

Анх номын багш Сандуйжавын захиасаар гэр дуганад 8 ламтайгаа хурлаа нээж байв. Хутагт багш Тагарваагийн санаачилгаар Цогчин дуганаа нээсэн. Ловон лам Пүрэвсүрэн, унзад лам Одбаяр, гэсгүй Насанбуян, чомбо Дүүрэнбаяр тэргүүтэй лам нараар удирдуулан хурал номын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд эдүгээ Говийн хутагт Данзанравжаагийн нэрэмжит Үржиншаддувлин хийд нэртэйгээр 42 ламтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
❋

Хутагт багш Оолойн Тагарваа

Үржиншаддүвлин хийдийг үүсгэн байгуулагч бидний багш, олноо "Хүүхэн хутагт" хэмээн алдаршсан Оолойн Тагарваа нь 16 насандаа Хүүхэн хутагтын хойд дүрээр өндөр сэнтийд нууцаар залагдсан бөгөөд буддын шашны дээд гайхамшигт зан үйл олны хараа сонороос далд байх өөр цаг үед байсныг ухан ойлгоход төвөггүй биз ээ. Шашин шүтэх эрх чөлөө нээлттэй болсон 1990 онд хутагт багшийг хутагтын сэнтийд нь дахин өргөн залан суулгаснаар өөрийн авьяас билэг, оюун чадлаа олон түмэндээ харуулж, нутаг орондоо танигдан хүндлэгдээд зогсохгүй алдар нэр нь хилийн чанадад ч түгсэн юм. Энэтхэг, Хятад, Америк, Франц орны Ренбүүчи нар болон буддын шашны томоохон тэргүүнүүд хутагт багштай маань холбоо тогтоож, Азийн буддистуудын хуралд урилгаар оролцож байснаас бэлхнээ харагдах биз ээ.
Хутагт багш — зан үйлийн хувцастай
❋

Төрийн хүндэтгэл

2004 онд «Алтан гадас» одонгоор шагнагдаж буй
Багшийн маань ажилч хичээнгүй, хөдөлмөрч билэг оюун болон шашин номыг дэлгэрүүлэн мандуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, 2004 онд "Алтан гадас" одонгоор шагнасан. Ингэж шагнасан нь манай хийдийн хамт олон буян номын ажил үйлсээрээ түмэн олондоо үйлчилж байгааг давхар үнэлсэн төрийн хайр хүндэтгэл гэж үздэг билээ.
❋

Хурал номын уламжлал

"Багш дор мөргөмүй, ном дор мөргөмүй, хуварга дор мөргөмүй" хэмээн ажиглан айлдсан сургаалын дагуу хутагт багш Тагарваа бидний үед уламжлуулан хэлсэн Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нууц тарнийн хурал, уншлага, дамжлага ёсыг хутагтын дэглэсэн жаягийн дагуу сар бүрийн битүүн болон шинийн 15-ны өдөр тахих буюу дэлгэр тахилгыг жилд 2 удаа (хавар тэнгэрийн дуунаас өмнө, намар тэнгэрийн дуу тасрах үед) уламжлал болгон хурдаг. Сахиусаа 2 өдөр дараалан тахиж, балин тахил өргөн дэлгэр өргөснөөр гэгээрлийн замын садаа бартсадыг арилгах буян номын зан үйлийг сүсэгтэн олондоо таниулан хийсээр ирлээ. Хийдийн гол сахиус, ядам нь монголчууд та бидэнтэй чанд нягт холбоотой сахиус юм. Энэхүү ариун нандин шүтээн нь их багш Гүнгаажав, Сандуйжав нараас шинээр нээсэн Цогчин дуганад залагдаж, манай хийдийн нандин шүтээн сахиус болон өвлөгдсөн. 108 булаг дээр нымба бүтээх нь жод ёсны уламжлалыг дагагчдын гол бясалгал бүтээл билээ. Энэхүү 108 булаг дамжин хийх нымба бүтээлийг Үржиншаддүвлин хийдийн лам нар үргэлжлүүлэн тасралтгүй хийсээр ирэв. Бурхан багш дор "Мэдрэмж нь нар, шулмас болой" хэмээн айлдсан байдаг. Та бид тааламжтай, тааламжгүй мэдрэмжээрээ хүсэл болон айдас түгшүүрийг үүсгэж байдаг бол энэхүү бясалгал бүтээл нь тэдгээрээс ангижран гарах увьдас, номлол юм.
❋

Буяны үйл ажиллагаа

Манай хийд байгуулагдсан цагаасаа эхлэн буяны үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн түүхтэй. Хийдийн сангийн хөрөнгөөс байгалийн давтагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхээс гадна хөдөө орон нутгийн хийдүүдийг сэргээн засварлах, суварга бүтээх, шинээр байгуулагдаж байгаа сүм хийдүүдэд хандив тусламж үзүүлэх, сүсэгтэн олондоо буяныг нь арвижуулан дэлгэрүүлэх болон багшийнхаа сургаалыг ёсчлон биелүүлж ирлээ. 2008 онд хийдийн лам хуваргауудын санаачилгаар "Үржиншаддүвлин" сан үүсгэн байгуулсан. Сан байгуулагдсанаас хойш хагас болон бүтэн өнчин оюутан, сурагчдад 1.9 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг, Баянзүрх дүүргийн 16, 8-р хорооны нэн ядуу иргэдэд эд материалын тусламж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төвд тусламж үзүүлсэн нь сүсэгтэн олны буяныг арвижуулах бурхны сургаалыг даган яваа эрхэм дээд багш болон бурхны шавь бидний сэтгэл, оюуны илэрхийлэл юм. Хийдийнхээ лам нарын боловсролд анхаарал хандуулан, тэднийг гадаад, дотоодын их, дээд сургууль, сургалтад хамрагдахад нь тэтгэлэг, туслалцаа үзүүлдэг бөгөөд номын эрдэмт багш нарыг тогтмол залан, нийт лам хуварга нартаа сургалт явуулж байна. Хийдийн лам хуваргуудын тэн хагас нь боловсрол дүүргэсэн бөгөөд одоо Энэтхэг улсад 3, шашны их сургуульд 3 хуварга суралцаж байна. 2010 оноос манай хийд өөрсдийн цахим хуудсыг нээж, сүсэгтэн олондоо бурхны шашны сургаал, сайн сайхан үйлсийн мэдээллийг түгээн дэлгэрүүлэх сайхан боломж нээгдсэн билээ.
Үржиншаддүвлин хийдийн лам нар

Үржиншаддүвлин хийдийн лам нар